Үндсэн агуулга руу шилжих
MSID

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Байгуулагдсан

Та бүхэнд манай сайтаар зочлон бидний үйл ажиллагаатай танилцах сайхан өдрийн мэндийг хүргэн мэндчилье.

Хүн амын өсөлт, хотжилт, байгаль, нийгмийн уур амьсгал, амьдралын ба хооллолтын хэв маягийн өөрчлөлт болон гэдэсний эмгэгийн оношилгооны олон арга, технологиуд эмнэлзүйн практикт нэвтэрснээр гэдэсний үрэвсэлт эмгэг, хавдрын илрүүлэлт нэмэгдэж, Монгол Улс 2019 оноос дэлхийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтийн тайланд 100.000 хүн амд 50–75 тохиолдол бүртгэгддэг улс орны тоонд орох болсон.

Гэсэн хэдий ч манай улсад гэдэсний үрэвсэлт эмгэгийн оношилгоо, эмчилгээ бүрэн шийдэгдээгүй, эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байсаар байна. Тиймээс гэдэсний үрэвсэлт эмгэгийн талаарх судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, бүртгэлийг сайжруулах, оношилгоо, эмчилгээг олон улсын жишигт хүргэх, гадаад, дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор бид нийгэмлэгээ 2023 оны 10 дугаар сард үүсгэн байгуулж, 2024 оны 3 дугаар сарын 5-нд төрийн бус байгууллагаар албан ёсоор бүртгүүлэн, гастроэнтеролог, хүүхдийн гастроэнтеролог, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, эмнэлзүйн эмгэг судлал, дүрс оношилгоо, лабораторийн эмч, багш нараас бүрдсэн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Бид энэ хугацаанд 2023, 2024 оны Азийн Крон, колитын байгууллага (AOCC), Солонгосын гэдэсний эмгэг судлалын холбоо (KASID)-ны олон улсын хуралд оролцож, МГХ-ны Хоол боловсруулахын долоо хоног (DDWeek) 2024 олон улсын хурлын үеэр гэдэсний үрэвсэлт эмгэгийн хуралдаан, Тайваний Үндэсний Их Сургуулийн профессоруудтай хамтарсан сургалтыг тус тус зохион байгууллаа.

Мөн 2025 оноос Солонгосын гэдэсний эмгэг судлалын холбоо (KASID)-той хамтын ажиллагаагаа эхлүүлж, Азийн Крон, колитын байгууллага (AOCC)-д гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлээд байна.

Гэдэсний үрэвсэлт эмгэгийн оношилгоо, эмчилгээний удирдамжийг шинэчлэн боловсруулах, олон улсаас суралцах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллах, нийгэмд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, виртуал ертөнц, цахим харилцааг эрхэмлэх нь бидний ирээдүйн зорилтууд юм.

Таныг энэхүү түүхэн цаг мөчид бидэнтэй хамт байж нийгэмлэгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

О.Баярмаа, Ерөнхийлөгч

Очирхүрээгийн Баярмаа Ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор Монгол Улсын төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч