Үндсэн агуулга руу шилжих
MSID

Илтгэлийн хураангуй хүлээн авах

Нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хуралд илтгэл ирүүлэх журам, хугацаа.

Монголын Гэдэсний Эмгэг Судлалын Нийгэмлэг, Монголын Гастроэнтерологийн Холбоо, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, АШУҮИС-ийн Хоол Боловсруулах Эрхтэн Судлалын Төв (ХБЭСТ) хамтран 2026 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд «Гэдэсний үрэвсэлт эмгэгийн оношилгоо, эмчилгээний менежмент ба дурангийн ариутгал, халдваргүйтгэл-2026» сэдэвт сургалт зохион байгуулна. Сургалтын үеэр гэдэсний эмгэг судлалын чиглэлээр хийсэн судалгааны илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа тул эрдэм шинжилгээний илтгэл, тохиолдлын танилцуулгын хураангуйг хүлээн авч байна.

Эмч, судлаач та бүхнийг судалгааны ажлын үр дүн, сонин бөгөөд төвөгтэй тохиолдлынхоо талаар танилцуулж, мэргэжил нэгтнүүдтэйгээ мэдлэг, туршлагаа хуваалцахыг урьж байна.

Хураангуй хүлээн авах хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 7-ны 23:59 цаг хүртэл.Сонгон шалгаруулалтын хариу мэдэгдэх хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 11.Хүлээн авах хаяг: ibdmsid@gmail.comХолбоо барих утас: 9907 5158

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага

1. Хэл – монгол.2. Үгийн тоо – 250-аас хэтрэхгүй. Гарчиг, зохиогчдын нэр, байгууллагын мэдээлэл, түлхүүр үг үгийн тоонд орохгүй.3. Бүтэц – үндэслэл, зорилго, материал арга зүй, үр дүн, дүгнэлт.4. Гарчиг – судалгааны агуулгыг тодорхой илэрхийлсэн, товч байна.5. Зохиогчид – зохиогчдын харьяалах байгууллагыг тодорхой бичнэ.6. Үр дүн – хураангуй судалгааны бодит үр дүнг агуулсан байх бөгөөд үндсэн үр дүнг тоон болон статистикийн үзүүлэлтээр илэрхийлнэ.7. Товчлол – стандарт бус товчлолыг анх хэрэглэхдээ бүтэн нэрийг бичиж, хаалтад товчлолыг тэмдэглэнэ.

Эмнэлзүйн тохиолдлын танилцуулгын загвар

Тохиолдлын танилцуулгыг SOAP (subjective, objective, assessment, plan) загвараар бэлтгэнэ. Бичиглэлд тавигдах шаардлага илтгэлийн хураангуйнхтай ижил.

Subjective – өвчний ба амьдралын түүх, харшил, мэс заслын болон бусад түүх.Objective – амин үзүүлэлт, бодит үзлэгээр илэрсэн өөрчлөлт, лаборатори ба багажийн шинжилгээний өөрчлөлт, дүгнэлт.Assessment – онош, ялган оношилгоо.Plan – шаардлагатай оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө, өвчтөн, асран хамгаалагч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны төлөвлөгөө.